Бага ангийн сурагчдыг харандаагаар бичүүлэх зөвлөмж

БАГА АНГИЙН СУРАГЧДЫГ ХАРАНДААГААР БИЧҮҮЛЭХ ЗӨВЛӨМЖ

Хүүхэд алдаанаасаа айх бус засаж залруулан суралцах боломжийг бий болгох үүднээс энэ хичээлийн жилээс эхлэн бага ангийн сурагчдын бичгийн хэрэгсэлд харандаа ашиглахыг багш, эцэг эх, асран хамгаалагч нарт зөвлөж байна.

Харандаа ашигласнаар хүүхэд буруу бичсэнээ баллуурдан, хялбархан засаж, бие даан суралцаж, хөгжих боломжтой.

6 настай сурагчдын гарын сарвууны хөгжлийн онцлог, олон улсын туршлага, ач холбогдлыг харгалзан үзвэл харандаа нь бичихэд хамгийн тохиромжтой хэрэгсэл юм.

Энэ талаар Боловсролын сайд П.Наранбаяр “Бага сургуулийн хүүхдүүдийг нэгдүгээр ангиас нь эхлээд шууд үзгэн балаар бичүүлдэг. Буруу бичихэд нь алдсан үгэн доогуур нь зуруулаад дахин хуулуулдаг. Энэ бол хүүхдийг шийтгэж байгаа нэг хэлбэр. Алдаа хийх эрхийг нь тэр хүүхдэд олгох ёстой. Хүүхэд алдаанаасаа айдаг биш засдаг, асуудлыг өөрийнхөөрөө шийдвэрлэх боломжуудыг бүрдүүлэхийн төлөө бид ажиллана” хэмээн онцлов.

Бага ангийн хүүхдийг анхлан бичүүлж сургахдаа үзэг, балаас гадна харандаа хэрэглэдэг туршлага олон улсад түгээмэл бий. Тухайлбал, боловсролоороо дэлхийд тэргүүлж буй Финланд Улс харандаагаар бичих нь хүүхдэд алдаагаа арилгах боломж олгож, улмаар сурагчдад үүсэх стрессийг бууруулдаг гэж үздэг. Харин Германд хүүхэд алдаа гаргахаас санаа зовдоггүй байх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд харандаагаар бичих, зурах зэрэг суурь чадварыг сайн эзэмшсэний дараа аажмаар үзэг хэрэглүүлдэг байна.