"Бидний авьяас бидний бахархал" тоглолт үргэлжилж байна

Аймгийн БСУГ-ын Соёл урлагийн хэлтсээс “Өвөрхангайн бахархал" ТББ-тай хамтран "Бидний авьяас бидний бахархал" тоглолтыг сумдад зохион байгуулж байна.
Тоглолтонд МУГЖ Д.Галсанбатын нэрэмжит эстрадын дуу дуулаачдын болон Цэргийн дууны уралдааны шилдэг оролцогчид болох Өвөрхангай нутгийн долоон авьяаслаг залуу оролцож, дуу хуурын дээжээрээ үзэгч олноо баярлуулахын зэрэгцээ олсон орлогоороо тухайн сумын Соёлын төвд хөрөнгө оруулалтыг хийж байгаа юм.
Мөн аймагтаа соёл, урлагийг хөгжүүлэх чиглэлээр сан байгуулан орлогынхоо 50 хувийг хандивлаж байна.
Есөнзүйл сумын Соёлын төвийн хамт олон "Бидний авьяас бидний бахархал" тоглолтыг орон нутагтаа зохион байгуулснаар Соёлын төвийнхөө гэрэлтүүлгийг шинэчилж, хаягаа монгол бичиг болгон өөрчилсөн бол Нарийнтээл сумын Соёлын төв гадна орчноо тохижуулж, Баянгол сумын Соёлын төв, номын сангаа засварлажээ. "Чадах бүхнээ нутагтаа зориулья" уриатай залуусын тоглолт үргэлжилсээр байна.
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 509 дүгээр тогтоолоор батлагдсан "Соёлын үйлдвэрлэл" үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Өвөрхангай аймгийн ИТХТ-ийн 2017 оны 40 дүгээр тогтоолоор "Соёлын үйлдвэрлэл" аймгийн дэд хөтөлбөрийг баталсан бөгөөд уг арга хэмжээ энэхүү хөтөлбөрийн хүрээнд зохиогдож байгаа аж.