“ЗУРАГТ НОМ” ТӨСЛИЙГ ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ ХЭРЭГЖҮҮЛЛЭЭ

Японы жүжигчин, уран бүтээлч Дийн Фужиока зурагт номын төсөл хэрэгжүүлэх санаачлага гаргаж, нийгмийн сүлжээгээр хандив цуглуулан ном, тоглоомын багц илгээх аян өрнүүлжээ. Уг хандивыг хүлээн авах орнуудын нэгээр Монгол улс сонгогдсон байна. Энэхүү төслийг Японы “Хүүхдийг Ивээх Сан” хэрэгжүүлж байгаа бөгөөд манай улсад 4 сая иений тусламж өгсөн юм.

Мөн “Зурагт ном” төслийн хүрээнд нэг цэцэрлэг, сургуульд 157 ширхэг хүүхдийн танин мэдэхүйн ном, 12 төрлийн оюун ухаан хөгжүүлэх тоглоомын багцыг олгож байгаа бөгөөд орон нутаг болон нийслэлийн төрийн өмчийн 40 цэцэрлэг, сумын төвийн 4 сургуулийг ном, тоглоомоор хангалаа.

Японы “Хүүхдийг хөгжүүлэх сан”-аас хэрэгжүүлж буй төсөлд Өвөрхангай аймгийн Сант сумын ЕБС болон Арвайхээр сумын 8 дугаар цэцэрлэг, Өлзийт, Төгрөг, Уянга, Нарийнтээл сумын цэцэрлэгүүд хамрагдсан байна. Өнөөдөр буюу 10 дугаар сарын 13 ны өдөр Арвайхээр сумын 8 дугаар цэцэрлэг дээр БСУГ-ын дарга Ж.Пүрэвсүрэн, БСУГ-ын СӨБ хариуцсан мэргэжилтэн Б.Баярмаа нар аймгийн хэмжээнд 5 сумын цэцэрлэг, нэг сумын сургуульд ном, тоглоом зэргийг гардуулав. Манай аймагт нийт 10 гаруй сая төгрөгийн санжүүжилт үзүүлсэн байна.