Хүүхдийг ивээх сан нь “Хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах нь-2” төслийг Япон улсын Гадаад хэргийн яамны санхүүжилтээр 2021-2024 онуудад хэрэгжүүлж эхлээд байна. Уг төсөл нь 2018-2021 онуудад бага боловсролын түвшинд хэрэгжүүлсэн “Хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь” төслийн үргэлжлэл бөгөөд бөгөөд боловсролын тусгай хэрэгцээтэй хүүхдүүдийг бага боловсролоос суурь боловсролын түвшинд дэвшин суралцах явцыг дэмжих ба онцлог хэрэгцээнд нь тохирсон хөтөлбөр, арга зүйгээр боловсролын үйлчилгээг тасралтгүй авах боломжийг бүрдүүлж байгаагаараа чухал ач холбогдолтой. Энэхүү төсөл нь Баянзүрх, Чингэлтэй, Сонгино-хайрхан дүүрэг болон Өвөрхангай, Ховд аймгийн нийт 16 сургуульд дээр хэрэгжих юм.
“Хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь-2” төслийн хүрээнд Өвөрхангай аймгийн 2-р сургуулийн багш нар болон БСУГ-ын мэргэжилтнүүд УБ хотод болсон Мастер багш бэлтгэх сургалтуудад хамрагдаж, төслийн зорилтот сургууль болох II сургуулийн багш нарт Модуль-1, 2, 3-ийн Ерөнхий сургалтуудыг 10 дугаар сарын 8-9, 15-16-ны өдрүүдэд зохион байгуулаад байна. Модуль-1 “Тусгай хэрэгцээтэй сурагчийг бага ангиас дунд анги руу дэвшин суралцахад дэмжлэг үзүүлэх, шилжилтийн төлөвлөлт боловсруулж, хэрэгжүүлэх арга зүйд суралцах” зорилго бүхий сургалтын мастер сургагч багшаар:
Н.Нямсүрэн, БСУГ-ын мэргэжилтэн
Б.Балжинням, 2-р сургуулийн бага боловсролын сургалтын менежер
А.Бунддулам, 2-р сургуулийн бага ангийн багш
З.Бадамханд, 2-р сургуулийн бага ангийн багш нар бэлтгэгдэж, багш нарт аргазүй олгох сургалтад бага ангийн нийт 22 багш хамрагдлаа.
Модуль-2 “Тэгш хамруулан сургах боловсролын зорилтыг хэрэгжүүлэхийн тулд хөтөлбөр хэрэгжүүлэгч багш нар, суралцагчийн ялгаатай байдлыг таньж мэдэх, сурах үйл явцад тохиолдох бэрхшээлүүдийг тодорхойлох, тэдний хэрэгцээнд тулгуурлан хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх, сайжруулах, үнэлэх арга зүйд суралцах” зорилго бүхий сургалтын мастер сургагч багшаар:
Д. Дагшигмаа, 2-р сургуулийн дунд боловсролын сургалтын менежер
Х.Пүрэвсүрэн, 2-р сургуулийн тусгай бүлгийн багш
О.Одгэрэл, 2-р сургуулийн түүх, нийгмийн багш
Ц.Уранчимэг, 2-р сургуулийн технологийн багш нар бэлтгэгдэж багш нарт аргазүй олгох сургалтад дунд ангийн нийт 71 багш хамрагдсан.
Моудль-3 “Тэгш хамруулах боловсролын тухай ойлголтыг сайжруулах, Хүүхдийн хөгжил, сурлагын амжилтад эцэг эхийн оролцоо, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, үе тэнгийнхний хамтдаа хөгжих боломж, хандлага, оролцоог дэмжих, сургуулийн орчинд тэгш хамруулах соёлыг бий болгох”-сургалтын мастер сургагч багш нараар:
Г.Мөнх-Эрдэнэ, БСУГ-ын мэргэжилтэн,
Б.Алтантуяа, 2-р сургуулийн англи хэлний багш,
Н.Мягмарсүрэн, 2-р сургуулийн математикийн багш нар тус тус бэлтгэгдэж, анги удирдсан багш нарт аргазүй олгох сургалтад нийт 50 багш, “Тэгш боломж” эцэг эхийн холбооны тэргүүлэгчид тус тус хамрагдлаа.
Сургалтад хамрагдаж байгаа багш, оролцогч нарт ЯХИС-гийн Өвөрхангай аймаг дахь салбарын ажилтан Г.Батцэцэг төслийн талаарх мэдээллийг танилцуулав.