СУРАГЧИД ЗУНЫ АМРАЛТАА ҮР БҮТЭЭЛТЭЙ ӨНГӨРӨӨЛӨӨ

Аймгийн ИТХ-аас 2021 оныг “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл”-ийг дэмжих зорилтот жил болгон зарласантай холбогдуулан Боловсрол, соёл, урлагийн газар, Засаг даргын тамгын газар, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар хамтран “Хөдөлмөр зуслан” хүүхэд хөгжүүлэх хөтөлбөрийн уралдааныг зохион байгуулсан билээ. Хүүхдийн зуслан нь сурагчдад хөдөлмөрөөр дамжуулан амьдрах ухааны боловсрол олгох, хамтач, бүтээлч, шинийг санаачлагч, хөдөлмөрч, идэвхтэй иргэн болгон хөгжүүлэх, төлөвшүүлэх, амьдралд бэлтгэх зорилготой юм.

Энэхүү уралдаанд Өвөрхангай аймгийн ерөнхий боловсролын 31 сургуулийн багш, удирдлага, 7-9 дүгээр ангийн сурагчид, эцэг эх, иргэд олон нийт хамрагдах боломжтой байсан бөгөөд Ковид-19 цар тахлын улмаас Богд, Төгрөг, Уянга, Хужирт зэрэг 4 сумын 5 сургууль оролцлоо. Үүнээс Богд сумын хувьд “Хөдөлмөр зуслан” хөтөлбөрт хамрагдсанаар хүүхдүүд гэр барихаас эхлээд дээс томох, сур элдэх, хурга ноослох, бууц хөр ховхлох, ургамал ногоо таних үйл ажиллагаатай танилцаж 3 өдрийг өнгөрөөсөн байна. Харин Төгрөг сумын хувьд “Хөдөлмөр зуслан” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр 10 гаруй жилийн түүхтэй Мазар баг дээр газар тариаланд суурилан 14 хүүхдийн бүрэлдэхүүнтэй 7 хоногийн хугацааг хүнсний ногоо, хүлэмжний ногоо, тариалалт, арчилгаа усалгаа, чацаргана хураалт, ноос, ноосон бүтээгдэхүүн урлал, түүдэг хийх, ноос ээрэх, ээрсэн утсаараа ширмэл ширэх, дээс томох болон малын гэдэс арилгах уламжлалт арга, урлаг соёлын арга хэмжээ, спортын арга хэмжээ зэргийг зохион байгуулсан байна. Түүнчлэн Уянга сумын хувьд ерөнхий боловсролын 1,2 дугаар сургуулиуд оролцсон бөгөөд идэвх чармайлт гарган 1 сумаас 2 сургууль оролцож байгаа нь онцлогтой.

Уянга ЕБ-ын 1 дүгээр сургууль 2021 оны 07, 08 дугаар сард сурагчдад хөдөлмөрөөр дамжуулан амьдрах ухааны боловсрол олгох, хамтач, шинийг санаачлах, хөдөлмөрч иргэн болж төлөвшүүлэх зорилгоор 7-9 дүгээр ангийн 36 сурагчид 7 хоногийн хугацаатай 3 ээлж хичээллүүлэн хувь хүний хөгжил, амьдрах ухаан, мал маллагаа, сүү цагаан идээ боловсруулах, байгаль, эх дэлхийгээ хайрлан, хамгаалах зэрэг чиглэлээр нийт 7 удаагийн сургалт, хүмүүжлийн ажлууд явуулжээ. Харин Уянга сумын хоёрдугаар сургууль уг уралдааны хүрээнд байгалийн үзэсгэлэнт газар болох “Бараан чулуут”-д зуны сургалтын төвийг байгуулах ажлыг 2021 оны 06 сарын 02-ноос багш, ажилчдын өөрсдийн хүчээр барилгын үйл ажиллагааг эхлүүлэн ажиллаж 2021 оны 06 сарын 21-ний өдрөөс эхлэн хөдөлмөр зуслангийн үйл ажиллагааг сурагчдад хөдөлмөрөөр дамжуулан амьдрах ухааны боловсрол олгох, хамтач, бүтээлч, шинийг санаачлагч, хөдөлмөрч, идэвхтэй иргэн болгон хөгжүүлэх, төлөвшүүлэх, хоцрогдол нөхөх гэсэн 2 чиглэлийн хүрээнд 5 ээлжээр 3-12-р ангийн нийт 162 сурагчийг сурагчдаа хүлээн авч ажиллажээ. Хужирт сумын ерөнхий боловсролын сургууль нь 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн 2021 оны 06 дугаар сарын 21 –ний өдөр хүртэлх 7 хоногийн хугацаанд хөдөлмөр зуслан хөтөлбөрийн үр дүнд малчин амьдрал, мал маллах ухаан, монгол өв соёлоо таньж мэдсэн, багаар хамтран ажиллах чадварыг нэмэгдүүлсэн байна.

Ийнхүү хүүхдүүд хөдөлмөр зуслангийн сургалтад хамрагдсанаар өөртөө итгэлтэй, бие даах, багаар ажиллах, бие биедээ туслах, дэмжих, урамшуулах, амьдрах ухааны чадваруудад хамтдаа суралцаж чадсан юм.