“ӨВ ХАМГААЛАГЧ” АЯНЫ НЭЭЛТ АРВАЙН ТАЛД БОЛЛОО

Соёлын өвийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх орон нутгийн соёл, хууль сахиулах байгууллага, соёлын өв хамгаалагч нарын хамтын ажиллагааг сайжруулах, иргэд олон нийтийн өв боловсролыг дээшлүүлж, соён гэгээрүүлэх зорилготой “Өв хамгаалагч” сарын аяны нээлт Арвайн талд Бага баян толгой хэмээх газарт зохион байгуулагдлаа.

Уг арга хэмжээнд Өвөрхангай аймгийн ИТХ- ын дарга О.Пүрэвдорж, аймгийн засаг даргын орлогч С.Ундрах, БСУГ- ын дарга Ж.Пүрэвсүрэн, БСУГ- ын СУХ- ийн дарга Л.Пүрэвлхам, хэлтсийн мэргэжилтнүүд, бусад байгууллагын төлөөллүүд оролцсон юм. Тус аяны нээлтэд оролцогчид хээрийн цай ууж, Авзага хайрхан, Баян толгой, Бага баян толгой, Таван толгой түүх соёлын үл хөдлөх дурсгалын домгийг сонслоо. Домог яриаг өвлөн уламжлагч Тарагт сумын Соёлын төвийн хөгжмийн багш Ш.Батбилэг хүүрнэв.

Мөн арга хэмжээний үеэр Тарагт сумын Соёлын өвийн хамгаалагчдад “Соёлын өв хамгаалагч” үнэмлэх олгож шагнаж урамшууллаа. Ийнхүү Соёлыг дэмжих залуучуудын зөвлөл, Тарагт сумын ИТХ, ЗДТГ-ын хамтарсан “Өв хамгаалагч” аян Өвөрхангай аймагт анх удаа зохион байгуулагдаж байгаа нь онцлог болж байна.