БСШУСЯам болон аймаг орон нутгийн төр захиргааны байгууллага, аймгийн БСУГазраас “хүүхэд, багш бүрийг хөгжүүлэх, боловсролын чанар хүртээмж, өрсөлдөх чадварыг сайжруулах бодлого, зорилтыг тавьж түүнийг хэрэгжүүлэх зорилгоор аймгийнхаа хэмжээнд “Тоо бодож оюунаа хөгжүүлье”, “Эх хэл эрдмийн түлхүүр”, “Гадаад хэл хөгжлийн түлхүүр”, “Эх түүхээ эрхэмлэе” аянуудыг амжилттай зохион байгуулж үр дүнд хүрсээр байна. Энэхүү анги нийтийг хамарсан аянууд нь дээр хэлсэнчлэн “Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх” гэсэн төр засгийн бодлоготой уялдан, үүнийг манай аймаг бүтээлчээр хэрэгжүүлэн ажиллаж байгааг онцлон хэлэхэд таатай байна. Манай аймаг нь жил бүр ЭЕШалгалтанд тогтмол амжилттай дүн үзүүлж сүүлийн 10 гаруй жил эхний 1-3-р байранд шалгарч байгаа нь энэ аяны үр дүн гэж үзэж болно.
Энэ хичээлийн жилд аяны судлагдахуун, хичээл тус бүрээр гүйцэтгэлийн шалгуур босго тогтоож, тухайн шалгуур, босгыг хангасан анги хамт олныг болон хичээл бүрийн даалгаврыг 100% гүйцэтгэсэн сурагчдыг шалгаруулан шагнаж байгаагаараа онцлог юм.
Мөн дээрх аянуудыг сургууль, бүс, аймаг гэсэн 3 үе шаттай зохион байгуулж, 29 сургуулийн давхардсан тоогоор 665 бүлэг, 16394 сурагч хамрагдлаа.
Монгол Улсын гавьяат багш Б.Мөнхжаргалын нэрэмжит “ТОО БОДОЖ ОЮУНАА ХӨГЖҮҮЛЬЕ” аянд 29 сургуулийн 202 бүлгийн 5056 сурагч, “ЭХ ХЭЛ ЭРДМИЙН ТҮЛХҮҮР” аянд 29 сургуулийн 338 бүлгийн 8249, “ГАДААД ХЭЛ- ХӨГЖЛИЙН ТҮЛХҮҮР” аянд 29 сургуулийн 99 бүлгийн 2444, “ЭХ ТҮҮХЭЭ ЭРХЭМЛЭЕ” аянд 26 сургуулийн 26 бүлгийн 645 сурагч мэдлэг чадвараараа өрсөлдөж, тэргүүний анги хамт олон, сурагчдаа шалгаруулсан.
Мөн энэ хичээлийн жилээс эхлэн зохион байгуулагдсан Улсын төрөлжсөн олимпиадын 9 дүгээр ангийн анги нийтийн төрөлд Арвайхээр сумын ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн П.Март багштай 9А анги Дэд байрт шалгарч Мөнгөн медаль, 2 дахь жилдээ зохион байгуулж байгаа арифметикийн улсын уралдаанд Уянга сумын 2-р сургуулийн математикийн Ганчимэг багштай 7а анги тэргүүн байр, Уянга сумын 1-р сургуулийн математикийн С.Оюнчимэг багштай 7б анги гуравдугаар байр, “Үндэсний өв соёлоо тээгч түгээгч-2018” Монгол бичгийн улсын уралдаанд Арвайхээр сумын 4-р сургуулийн монгол хэлний П.Март багштай 10а анги гутгаар, Арвайхээр-2 сургуулийн монгол хэлний П.Энхжаргал багштай 8а анги тэргүүн 7в анги гутгаар, монгол хэлний А.Түгжсүрэн багштай 7а анги шагналт байр, Арвайхээр сумын 1-р сургуулийн монгол хэлний Л.Батчимэг багштай 6а анги дэд байр эзэлж, аймгуудын дүнгээр манай Өвөрхангай аймаг Тэргүүн байрт шалгарсныг бахдам амжилт үзүүлсэн байна.