Хүүхдийг Ивээх Сан, Япон улсын Гадаад хэргийн яамны ТББ-ыг дэмжих сангийн санхүүжилтээр “Монгол Улсад Хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь - 2” төслийг Улаанбаатар хотын Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, Ховд, Өвөрхангай аймгийн Ерөнхий боловсролын зорилтот 16 сургуульд 2021-2024 онд хэрэгжүүлнэ. Энэхүү төсөл нь зорилтот сургуулиудад суурь боловсрол эзэмших 9 жилийн хугацаанд тэгш хамруулан сургах шаталсан тогтолцоог бэхжүүлэхэд чиглэх юм.
Уг төслийн эхний жилд Арвайхээр хотын 2-р сургууль хамрагдсан бол хоёр дахь жилийн зорилтот сургуулиар Уянга сумын 1-р сургуульд хэрэгжихээр болсон юм. Ийнхүү сургуультай хамтран ажиллахаар “Харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурж, гэрээ байгуулах арга хэмжээ 4 дүгээр сарын 27-ны өдөр зохион байгуулагдлаа.
“2018-2021 онуудад хэрэгжсэн “Хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах нь-1” төслийн хүрээнд бага боловсролын багш нар тусгай хэрэгцээтэй хүүхэдтэй ажиллах арга зүйд суралцаж олон сайн туршлагуудыг бий болгож түгээн дэлгэрүүлж ажилласан.
2021-2024 онуудад хэрэгжих “Хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах нь-2” төсөл нь ТХХ-ийг бага ангиас дунд ангируу шилжин суралцаж, нийгэмшихэд нь дэмжлэг үзүүлж дунд ангийн багш нарыг ТХХ-тэй ажиллах болон эцэг эхийг тусгай хэрэгцээтэй хүүхдээ гэр бүлийн орчинд дэмжих арга зүйд суралцахад дэмжлэг үзүүлэх гэсэн хөтөлбөрүүдээр дамжуулан сурагчдыг суурь боловсрол эзэмшихэд нь дэмжлэг үзүүлнэ” гэж Японы хүүхдийг ивээх сангийн Өвөрхангай аймгийн салбарын ажилтан Г.Батцэцэг уулзалтын үеэр онцолж хэллээ.