Японы Хүүхдийг Ивээх сангийн Өвөрхангай аймаг дах салбар нь 2012 оны 12 сард анх байгуулагдан үйл ажиллагаа явуулж эхэлснээсээ хойш урт, богино хугацааны 10 төслийг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна.
2023 оны байдлаар нийт 4 төсөл хэрэгжиж байгаагийн нэг нь Дэлхийн Банк, Японы Нийгмийн Хөгжлийг дэмжих Сангаас 2.7 сая ам долларын санхүүжилттэй хэрэгжиж байгаа “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төсөл юм.
Төслийн зорилго нь өсвөр үеийн хүүхэд, залуучуудад хувь хүний ур чадвар, энтрепренершипийн боловсрол олгох замаар сурлагын амжилтыг сайжруулж, цаашлаад хөдөлмөр эрхлэлтэд бэлтгэх юм. Энэхүү төсөл нь Ховд, Завхан, Өвөрхангай, Говьсүмбэр, Сүхбаатар аймгуудын нийт 25 сумдад хэрэгжиж байгаа бөгөөд Өвөрхангай аймгийн Арвайхээр, Бат-Өлзий, Богд, Гучин-ус, Хархорин, Хужирт, Сант, Уянга гэсэн 8 сумдын 11 ЕБ-ын сургууль болон Политехник коллеж, 7 Насан туршийн боловсролын нэгжүүд дээр амжилттай хэрэгжиж байна. Төслийн хүрээнд нийт 116 сургагч багш, зөвлөхүүд бэлтгэгдэж 66 цагийн “Энтрепренершипд суурилсан хувь хүний ур чадварыг хөгжүүлэх” сургалтын хөтөлбөрт /ESEL хөтөлбөр/ нийт 1327 ЕБС-ийн 8-12-р ангийн сурагчид, 14-25 хүртэлх насны сургууль завсардсан сурагчид, сумын залуусыг хамруулаад байна.
Хөтөлбөрт хамрагдсан сурагчид 30 төрлийн зөөлөн ур чадвараа хөгжүүлэхийн зэрэгцээ 3-6 хүнтэй баг болж бичил санхүүжилт олгох төслийн уралдаанд оролцож сүүлийн шатандаа тэнцвэл 2,800,000 төгрөг хүртэлх санхүүжилт авах боломжтой юм. Шинэлэг санаа бүхий сургуульд суурилсан энтерпрайс төслүүдээ сурагчид бичиж шалгаруулалтын эхний шат буюу Төслийн Сумын зөвлөд танилцуулдаг бөгөөд 2-р шат болох Төслийн Аймгийн Зөвлөлөөс томилогдон ажиллаж байгаа шүүгчдэд 5 минутын Питч хийж 2-р шатанд шалгарах эсэхээ шийддэг.
Одоогийн байдлаар Өвөрхангай аймагт 4 удаагийн Питч үйл ажиллагаа зохион байгуулагдаж нийт 39 төсөл сүүлийн шатанд тэнцэж 102,838,400 төгрөгийн санхүүжилтээ авч төслүүдээ хэрэгжүүлж байна.
2022-2023 оны хичээлийн жилийн намрын ESEL хөтөлбөрийн ангийг төгсөж төслүүдээ бичсэн 56 багийн төслийг салбар дээр хүлээн авч 2022 оны 12 сард Хархорин, Сант, Богд, Арвайхээр сумдад, 2023 оны 02 сарын 13-14-ны өдрүүдэд Бат-Өлзий, Хужирт, Уянга сумдад Питч үйл ажиллагаа тус тус зохион байгуулагдаад байна. Бат-Өлзий сумаас 8 баг оролцож 6 багийн төсөл тэнцэж, Хужирт сумаас 4 төсөл Питчээ танилцуулж тэнцсэн ба Уянга сумаас нийт ЕБС, НТБН-ийн 11 төслийн баг оролцож ЕБС-ийн 3 төсөл, НТБН-ийн 3 төсөл тус тус тэнцлээ.
Төсөлд хамрагдсан сурагчид, сумын залуус ESEL хөтөлбөрт хамрагдан санхүүгийн болон энтерпренершипийн суурь мэдлэг дээрээ тулгуурлан төсөл бичих замаар багаар ажиллах, өөрийгөө болон бусдыг таньж мэдэх, аливаа асуудлыг олон талаас харах, өөрийнхөө санааг бусдад ойлгуулах ур чавдаруудаа хөгжүүлэхийн зэрэгцээ бүтээлч болон өсөлтийн сэтгэлгээ тэдэнд төлөвшиж байгаа нь төслийн үр дүн гэж үзэж байна.
Төслийн шүүгчдээр Аймгийн төрийн болон төрийн бус байгууллагуудын 20 гаруй төлөөлөл ажиллаж байгаа бөгөөд сурагчдад төслөө сайжруулахад нь үнэтэй зөвлөгөө өгч ажиллаж байна. Энэ удаагийн Питч үйл ажиллагааны шүүгчдээр Аймгийн Нийгмийн Бодлогын хэлтсийн мэргэжилтэн Э.Хоролсүрэн, БШУГ-ын мэргэжилтэн М.Долгорсүрэн, Я.Энхтуяа, Аймгийн ГБХЗХГ-ын мэргэжилтэн Ц.Содномдорж, Аймгийн НТБТ-ийн нийгмийн ажилтан Б.Сүрэн, Арвайхээр сумын Шинэ зуун бүсийн аргазүйч Ш.Буянжаргал нар ажиллав.