Өвлөн уламжлагчийн анхны шагналыг Д.Дулмаад гардууллаа

Өвлөн уламжлагчийн анхны шагналыг Д.Дулмаад гардууллаа

Монгол Улсын Засгийн газраас 2018 оны “Журам шинэчлэн батлах тухай” 354 дүгээр тогтоолоор “Соёлын биет бус өвийг үндэсний болон дэлхийн хэмжээнд сурталчлан алдаршуулах, түгээн дэлгэрүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан өвлөн уламжлагчид мөнгөн шагнал олгох журам”-ыг баталсан билээ. Журмын дагуу нийслэл, орон нутгийн хэмжээнд материал хүлээн авснаас анхны шилдэг өвлөн уламжлагчаар нутаг орондоо "дөмөн" Дулмаа хэмээн алдаршсан, Өвөрхангай аймгийн Өлзийт сумын харьяат уртын дууч Доржийн Дулам гуай шалгарч, хүндэт өргөмжлөл, 30,0 сая төгрөгийн шагналаа гардаж авлаа.

Тэрээр 1932 онд Өвөрхангай аймгийн Өлзийт суманд төрж, бага наснаас өөрийн ээжээр заалган уртын дууг дуулж сурсан байна. "Дөмөн" уртын дууг эмэгтэй хоолойн хамгийн дээд өнгөнөөс эхлэн хоолойн өндөр өнгөөр дуулдаг онцлог арга барилыг эзэмшсэн Д.Дулам гуай Бүх ард түмний урлагийн их наадам, Язгуур урлагийн удаа дараагийн тэргүүн шагнал, Соёлын яамны жуух бичиг, Хөдөлмөрийн хүндэт медаль, Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр тус тус шагнагдаж байсан ардын авьяастнуудын нэг төдийгүй соёлын биет бус өвийг ур чадварын өндөр түвшинд өвлөн эзэмшсэн өвлөн уламжлагч юм.

Хүндэт өргөмжлөлийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа нар гардуулан өглөө.

ЮНЕСКО-гоос 2003 онд баталсан “Соёлын биет бус өвийг хамгаалах тухай” конвенцид Монгол Улс 2005 онд нэгдэн орж, үндэснийхээ соёлын биет бус өвийг ЮНЕСКО-д бүртгүүлж, хадгалж, хамгаалах үйл ажиллагааг эрчимтэй зохион байгуулсаар ирсэн бөгөөд “Уртын дуу” соёлын биет бус өвөө 2009 онд ЮНЕСКО”гийн “Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалт”-д бүртгүүлсэн байдаг.

Харин энэ оноос эхлэн жил бүр шилдгийн шилдэг нэг өвлөн уламжлагчийг тодруулан, алдаршуулж, “Хүндэт өргөмжлөл” мөнгөн шагнал болох 30,0 /гучин сая/ төгрөгөөр урамшуулж байхаар болж байгаа юм.

Шилдэг өвлөн уламжлагчид олгож буй энэ шагнал нь монгол хүний үнэлэмж, өвлөн уламжлагчийн үнэ цэнийг нэмэгдүүлж, өнө эртнээс өвлөн уламжилж ирсэн өв соёл, монгол түмний ёс заншил, эрдэм мэдлэгийг хойч үедээ өвлүүлэн уламжлуулахад чухал хувь нэмэр оруулна гэж салбар яамны зүгээс үзэж буй юм. 

Эх сурвалж-https://mecss.gov.mn/news/1324/