МУГБ Ш.Сүхбат багшийгаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Арвайхээр сумын нэгдүгээр сургуулиас гавьяаныхаа амралтад гарсан ахмад багш Шоовдрын Сүхбат шороон гахай жилийн босгон дээр Монгол Улсын гавьяат багш хэмээх эрхэм алдрыг хүртсэн билээ. Тэрээр олон арван эмч, химич, химийн багш  нарыг бэлтгэснээс гадна 8 дугаар ангийг найман удаа, 10 дугаар ангийг арван хоёр удаа төгсгөж байжээ.

Боловсрол, соёл, урлагийн газраас шинэхэн гавьяатаа хүндэтгэл үзүүлж хүлээн авч уулзлаа. Түүнтэй багшилж байсан үеийн түүх, амжилт бүтээлийнх нь талаар багахан хоромд ч яриа өрнүүлэхэд үг бүр нь үнэтэй зөвлөгөө болж байсан юм. Тэрээр хариуцсан ажилдаа ямар ч үед хариуцлагатай байхыг захилаа.

2016 оноос химийн хичээлийн төрөлжсөн олимпиадыг түүний нэрэмжит болгон, үе үеийн төгсөгч шавь нартай нь  хамтран амжилттай зохион байгуулж байна.

Эрхэм багшдаа, үнэтэй сургаалиа үргэлжид хайрлан, эрүүл энх байж,  урт удаан наслахыг ерөөе!