БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр манай аймагт ажиллалаа.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр болон албаны хүмүүс 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдөр манай аймагт ажиллалаа. Энэ хүрээнд Арвайхээр сумын цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, соёлын байгууллагын удирдлагууд, Боловсрол, соёл, урлагийн газрын дарга, мэргэжилтнүүдтэй уулзалт хийлээ. Уулзалтын үеэр дэд сайд Г.Ганбаяр Өвөрхангай аймгийн сургалтын чанар улсын хэмжээнд тэргүүлэх түвшинд байдаг, чихнээс хонх уяад байдаггүй аймгуудын нэг бол танай аймаг, гэсэн хэдий ч та бүхэн амжилтаа улам бататгаж, нэг шат ахихад онцгой анхаарч ажиллах хэрэгтэйг сануулаад, 2019 онд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам салбарын хууль, хууль, эрх зүйн орчныг шинэчлэх, хөрөнгө оруулалтын ажилд тавих хяналтын сайжруулах, 2019-2020 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрийн агуулгыг хөнгөвчлөх, яам, салбарын байгууллагуудын дотоод үйл ажиллагааг сайжруулах гэсэн 4 зорилт дэвшүүлэн ажиллаж байгааг хэлж, удирдах ажилтнуудын саналыг сонсож, цаг үеийн мэдээлэл өглөө.

Мөн өдөр Тарагт сумын ерөнхий боловсролын сургуулийн 100 хүүхдийн дотуур байрны нээлтийн үйл ажиллагаанд оролцож, Тарагт суманд баригдаж буй Соёлын төвийн барилын үйл ажиллагаа, Арвайхээр сумын ЕБ-ын 5 дугаар сургуулийн барилгын үйл ажиллагаатай танилцаж, тус 2 барилгыг 5-р сарын 1 гэхэд бүрэн ашиглалтад өгөхийг үүрэг болголоо. Мөн Арвайхээр сумын 11-р тусгай цэцэрлэг, Арвайхээр сумын 12 дугаар цэцэрлэг, аймгийн Музей, Спортын ордон, аймгийн Хүүхдийн номын өргөөний үйл ажиллагаатай танилцаж, зарим тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхээр боллоо.