Аймгийн төрөлжсөн олимпиад амжилттай үргэлжилж байна

Улсын төрөлжсөн олимпиадын 2-ын даваа буюу аймгийн төрөлжсөн олимпиад нь сурагчдын авьяас чадварыг нээн хөгжүүлж, багш нарын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд чиглэгдэхээс гадна улсын төрөлжсөн олимпиадын 3-ын даваанд оролцох багш сурагчдыг тодруулахад оршиж байгаа юм.

2019 оны төрөлжсөн олимпиад нь 15 төрөл 55 ангиллын хүрээнд зохион байгуулагдаж байна.

Аймгийн төрөлжсөн олимпиадын нээлтийг 2019 оны 3-р сарын 28-ны өдөр зохион байгуулж, нээлтэд аймгийн Засаг даргын дэргэдэх Боловсрол, соёл, урлагийн газрын дарга Ж.Пүрэвсүрэн, төр нийгмийн зүтгэлтэн, нэрт математикч О.Батмөнхийн гэр бүлийг төлөөлж аймгийн ахмадын хорооны дарга н.Баяртогтох, БНМАУ-ын урлагийн гавьяат зүтгэлтэн, уран сийлбэрч Д.Гэлэгдандар агсны гэр бүлийг төлөөлж түүний гуч хүү н.Нямдаваа нар оролцож, олимпиадад оролцогчдод баяр хүргэж, амжилт хүслээ.

Бид боловсролын салбараас төрөн гарсан алдартнуудаа хойч үедээ алдаршуулах зорилгоор биологийн олимпиадын АБТА, Р.Гэлэгпил багшийн нэрэмжит, газарзүйн олимпиадын МУГБагш Т.Тавхайн нэрэмжит, математикийн олимпиадын төр нийгмийн зүтгэлтэн, нэрт математикч О.Батмөнхийн нэрэмжит, техник технологийн олимпиадыг МУГБ Ж.Жанцандорж, БНМАУ-ын урлагийн гавьяат зүтгэлтэн, уран сийлбэрч Д.Гэлэгдандарын нэрэмжит, монгол бичгийн олимпиадыг нэрт шинжлээч Чой.Лувсанжавын нэрэмжит, түүхийн олимпиадыг МУГБ А.Батжаргалын нэрэмжит, химийн олимпиадыг МУГБ Ш.Сүхбатын нэрэмжит болгон зохион байгуулж байна.

Аймгийн төрөлжсөн олимпиад 4-р сарын 10-ны өдөр хүртэл үргэлжилнэ.