“ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИГЧ ЭКО СУРГУУЛЬ” ХӨТӨЛБӨРТ ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 4 СУРГУУЛЬ ХАМРАГДЛАА
Олон улсын эко сургууль хөтөлбөрийн сүлжээнд шинээр элсэж буй сургуулиудын багш, сурагчид болон сургуулийн удирдлагад зориулсан анхан шатны сургалт саяхан болж өнгөрлөө. Сургалтыг “Байгаль орчны мэдээлэл сургалтын төв” төрийн бус байгууллага /ТББ/-с “Тогтвортой хөгжлийн боловсрол” төслийн хүрээнд зохион байгуулсан бөгөөд тус ТББ нь Дэлхийн байгаль орчны боловсролын сан /FEE/-ийн гишүүн бөгөөд Олон улсын эко сургууль хөтөлбөрийг Монгол улсад албан ёсоор хэрэгжүүлэгч үндэсний оператор байгууллага юм. Олон улсын эко сургууль хөтөлбөр нь Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам, Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын яам, Швецарын Хөгжлийн Агентлагийн хамтран хэрэгжүүлж байгаа “Тогтвортой хөгжлийн боловсрол төсөл”-ийн хүрээнд 11 аймаг, нийслэлийн 2 дүүргийн хэмжээнд ерөнхий боловсролын нийт 55 орчим сургуульд тус хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
Эко сургууль хөтөлбөр нь ISO14001 стандартад суурилсан ногоон хөгжил, тогтвортой хөгжлийн боловсролыг хүүхэд залуучууд, орон нутгийн иргэдэд хүргэж, тэдний оролцоог нэмэгдүүлэх замаар байгаль орчинд ээлтэй, зөв дадал хэвшлийг төлөвшүүлэх зорилготой олон улсын хөтөлбөр юм.
Өвөрхангай аймаг нь дээрх хөтөлбөр хэрэгжих аймгуудын нэг болсон бөгөөд Арвайхээр сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургууль, МГХГС-тай МЭРГЭД лаборатори сургууль, Уянга сумын 1 дүгээр сургууль, Хархорин сумын Улсын тэргүүний Орхон цогцолбор сургуулиуд сонгогдон анхан шатны сургалтанд хамрагдсан юм.
Эдгээр сонгогдсон сургуулиуд нь “Эко сургууль хөтөлбөр”-ийг тодорхой сэдвийн хүрээнд хэрэгжүүлнэ. Хөтөлбөрийн онцлог нь сурагчдын оролцоонд тулгуурлан тэдний идэвхи санаачлагыг дэмжих замаар хүүхэд, залуус, эцэг эх, тухайн орон нутгийн нийт иргэдэд тогтвортой хөгжлийн талаарх ойлголт мэдлэг эзэмшүүлж, тэдний зан үйл, хандлагыг нь өөрчлөхөд чиглэсэн байгаль орчны боловсролын олон улсын хөтөлбөр юм.