2016-2017 оны хичээлийн жилд хүүхэд нэг бүрийн хөгжлийг дэмжиж, оролцоог нэмэгдүүлэх замаар сургууль дээрх хүүхдийн өөрийн удирдлагын байгууллага, клубын үйл ажиллагааг тогтмолжуулж, сурагчдын амьдрах ур чадварыг нэмэгдүүлэн, сургуулийн орчин дахь хүүхдийн хөгжил, хамгааллын бодлого, үйл ажиллагааг сайжруулах зорилгоор “НЭГ СУРГУУЛЬ-АРВАН КЛУБ” аяныг аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Дэлхийн зөн Монгол ОУБ-ын Өвөрхангай, Арвайхээр ОНХХ-тэй хамтран Арвайхээр, Хархорин, Хужирт, Бат-Өлзий, Уянга, Тарагт, Зүүнбаян-Улаан, Баянгол сумдын ерөнхий боловсролын 15 сургуульд хэрэгжүүллээ. Аян зорилго, зорилт:
Дээрх сургуулиудад 10-аас доошгүй хүүхдийн өөрийн удирдлагын байгууллага, клубыг захирлын тушаалаар байгуулж, чиглүүлэгч багш нарыг томилон ажиллуулж, тогтвортой үйл ажиллагааг дэмжин, хичээлийн жилийн туршид багш сурагчдыг чадавхжууллаа. Үүнд:
- 15 сургуулийн 6-11 дүгээр ангийн нийт 1470 гаруй сурагчдад “ХӨУБ гэж юу вэ?” сэдэвт лекц уншлаа
- ХӨУБ, клубын чиглүүлэгч багш нартай уулзаж, арга зүйн зөвлөгөө өглөө
- Сургууль бүрийн Ёс зүйн зөвлөл, Өсвөрийн сэтгүүлч бүлгэм, Өсвөрийн аврагч бүлгэм, Эко клуб, Илтгэх урлаг мэтгэлцээний клубын чиглүүлэгч багш нарыг “Оролцоод хөгжье” аргачлалын сургалтанд хамруулж, сургалтын гарын авлагаар хангалаа
- Монгол мэтгэлцээний нэгдсэн танхим, Отгонтэнгэр их сургуультай хамтран Илтгэх урлаг мэтгэлцээний клубын 3 сурагч, 1 чиглүүлэгч багш нарг “Карлпоппер”-ийн мэтгэлцээний сургалтанд хамрууллаа. Үүнд нийт 60 сурагч, 14 чиглүүлэгч багш оролцов.
- Өсвөрийн сурвалжлагч клубын чиглүүлэгч багш, сурагчдыг сургалтанд хамруулж арга зүйгээр хангалаа
- Өсвөрийн аврагч бүлгэмийн сурагчдыг чадавхжуулах сургалт, аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа
- Өсвөрийн эмч бүлгэмийн чиглүүлэгч багш, сурагчдыг чадавхжуулах, хүүхдээс хүүхдэд аргачлалыг хэрэгжүүлэх сургалт, туршлага солилцох уулзалтыг зохион байгуулав.
- ХӨУБ, клубын гишүүд болон ахлагч, нийгмийн ажилтануудыг чадваржуулах, туршлага солилцох аялал зохион байгуулж 179 багш, сурагчид, нийгмийн ажилтнууд хамрагдлаа.
Аяны хүрээнд нийт 50.670.000 орчим төгрөгийн санхүүжилтээр 7 сургуульд хүүхэд хөгжлийн танхим, 2 сэтгүүлч клубд тоног төхөөрөмжийн дэмжлэг, мөн ХӨУБ, клубын чиглүүлэгч багш нарт бичиг хэргийн материалын дэмжлэг үзүүллээ.
Үр дүн
Сургууль дээрх ХӨУБ, клубын тоо нэмэгдлээ. 15 сургуульд нийт 88 ХӨУБ, клуб байсан бол тус аян хэрэгжсэнээр 70 байгууллагаар нэмэгдэж 160 ХӨУБ, клуб тогтмол үйл ажиллагааг явуулж байнаХӨУБ, клубд хамрагддаг хүүхдийн тоо 1577 байсан ба аян хэрэгжсэнээс хойш 3582 сурагч болж нэмэгдсэн.
1 сургууль-10 клуб” аяны туршлага солилцох түгээн дэлгэрүүлэх аймгийн зөвлөгөөнийг 2017 оны 05 дугаар сарын 12-нд Арвайхээр хотод амжилттай зохион байгууллаа. Тус зөвлөгөөний үеэр аяны үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлсэн сургууль, нийгмийн ажилтан, чиглүүлэгч багш, ХӨУБ, клубын гишүүн сурагчдын илтгэл, бүтээлийн үзэсгэлэнг зохион байгууллаа.
Хүүхдийн өөрийн удирдлагын байгууллага, клубын шилдэг сурагчдаар Арвайхээр сумын ЕБС-ийн сурагч Номын анд клубын ахлагч н.Рэгмаа, 2-р сургуулийн Охидын зөвлөлийн ахлагч М.Бодьгэрэл, 4-р сургуулийн сурагч Ш.Мэнд-Амгалан, Баянгол сумын ЕБС-ийн Шинэ санаа дизайны клубын гишүүн Сувдаа, Тарагт сумын ЕБС-ийн эмч клубын гишүүн Мичидмаа, Бат-Өлзий сумын ЕБС-ийн Хүүхдээс хүүхдэд ХӨУБ-ын гишүүн П.Энхтөр, Мэргэд лаборатори сургуулийн өсвөрийн эмч бүлгэмийн сурагч Д.Бямбасүрэн, Зүүнбаян-Улаан сумын ЕБС-ийн кино клубын гишүүн Г.Оюундэлгэр, Хужирт сумын ЕБС-ийн Сурагчдын өөрөө удирдах зөвлөлийн гишүүн Б.Пүрэв-Эрдэнэ, Хархорин сумын ГСЕБС-ийн утгын чимэг клубын ахлагч Т.Цасангаа, 1-р сургуулийн English club бүлгэмийн гишүүн Г.Чүлтэм, 2-р сургуулийн Өсвөрийн цагдаа бүлгэмийн ахлагч Батпүрэв, Уянга сумын ЕБ-ийн 1-р сургуулийн Эко бүлгэмийн гишүүн М. Ангараг, 2-р сургуулийн өсвөрийн сурвалжлагч бүлгэмийн гишүүн Ц.Пүрэвдулам нар шалгарч Цагаан залаа зусланд 7 хоног үнэгүй амрах эрхээр шагнагдлаа.
үүхдийг хүүхдийн өөрийн удирдлагын байгууллага, клубээр дамжуулан хүмүүжүлэх, хөгжүүлэх үйл ажиллагааг амжилттай зохион байгуулах ажилд манлайлан оролцсон Баянгол сумын ЕБС-ийн багш Эко клубын чиглүүлэгч багш Жаргалмаа, Тарагт сумын ЕБС-ийн Өсвөрийн эмч бүлгэмийн чиглүүлэгч багш, сумын ЭМТ-ийн эмч Билэгдэмбэрэл, Уянга сумын ЕБС-ийн Илтгэх урлаг, мэтгэлцээний клубын чиглүүлэгч багш Г.Уранбаатар, Хархорин сумын ЕБ-ийн Орхон цогцолбор сургуулийн “Мини парламент” ХӨУБ-ын чиглүүлэгч багш Мөнхжаргал, Хархорин сумын ГСЕБС-ийн Өсвөрийн сурвалжлагч бүлгэмийн чиглүүлэгч багш Ш.Амарбат, Арвайхээр сумын ЕБ-ын 1-р сургуулийн Ангийн дарга нарын Ёс зүйн бүлгэмийн чиглүүлэгч багш Б.Сайнбилэг, дотуур байрын Нэгдмэл ертөнц бүлгэмийн чиглүүлэгч багш Алтанцэцэг, 2-р сургуулийн Өсвөрийн сурвалжлагч бүлгэмийн чиглүүлэгч багш Үүрийнтуяа, 4-р сургуулийн Тусч бүлгэмийн чиглүүлэгч багш Г.Нямсүрэн, Уянга сумын ЕБ-ийн 1-р сургуулийн Эко клубын чиглүүлэгч багш Төмөрхуяг, Соёлмаа нар шилдэг чиглүүлэгч багшаар шалгарлаа.
Аяны үйл ажиллагаанд идэвх санаачлагатай манлайлан оролцож, хүүхдийн эвлэлдэн нэгдэх, нийгмийн амьдралд оролцох эрхүүдийг бодитоор хангаж, тэдний хамтын хөгжил, оролцоог дэмжсэн бодит ажлуудыг зохион байгуулсан Уянга сумын ЕБ-ын 1-р сургууль ШИЛДЭГ СУРГУУЛЬ-иар шалгарч тушлага судлах аялалын эрхээр шагнагдлаа.Шилдэг Хүүхдийн өөрийн удирдлагын байгууллагаар Бат-Өлзий сумын ЕБ-ын сургуулийн “Бид экологич” эко клуб, Уянга сумын ЕБ-ын сургуулийн “Ган үзгийн эзэд” өсвөрийн сурвалжлагч бүлгэм, Хужирт сумын ЕБ-ын сургуулийн “Өсвөрийн эмч” бүлгэм тус тус шалгарч 300.000 төгрөгөөр төсөл дэмжих эрх, Өсвөр үеийнхэн, хүрээлэн буй орчиндоо нэн тэргүүн тулгамдаж буй асуудлаа шийдвэрлэсэн шилдэг үйл ажиллагаагаар Хархорин сумын ЕБ-ын 2-р сургуулийн Өсвөрийн цагдаа бүлгэмийн хэрэгжүүлсэн “РС тоглоомд донтохоос урьдчилан сэргийлэх” чиглэлээр хэрэгжүүлсэн цогц үйл ажиллагааг шалгарч дараагийн үйл ажиллагааг нь 300,000 төгрөөг санхүүжүүлэх эрх авлаа.
Аяны үйл ажиллагааг сургуулийн хэмжээнд амжилттай зохион байгуулсан Шилдэг сургуулийн нийгмийн ажилтнаар Мэргэд лаборатори сургуулийн нийгмийн ажилтан П.Баясгалан, Хархорин сумын Орхон цогцолбор сургуулийн нийгмийн ажилтан Д.Долгормаа нар шалгарлаа.