Засгийн газрын шийдвэрээр коронавирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг 03 дугаар сарын 02-ныг хүртэл улс орон даяар зогсоосон. Энэхүү хорио цээрийн дэглэмтэй холбогдуулан бага насны хүүхдийг харгалзах хүнгүй гэрт нь үлдээх, сургуулийн насны ах эгч нарт нь даатган цоожтой хаалганы цаана олон цагаар орхиж явахгүй байхыг анхааруулж байна. Тиймээс хүүхдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс дараах зөвлөмжийг хүргэж байна.
- Пийшин, зуух яндангийн эвдрэл гэмтлийг засч, хүүхэд хүрч, түлэгдэх, гэмтэхээс сэргийлэх, цахилгааны утас, залгуур, ил гарах зүйлс, шатах, тослох материалыг бага насны хүүхдээс хол байлгах,
- Цахилгаан халаагуур, халаагчийг ашиглахдаа цахилгаан ашиглалтын дүрэм, журмыг мөрдөх, аюулгүй ажиллагааны заавар, зааварчилгаа авах, мэргэжлийн цахилгаанчаар холбуулах,
- Цахилгааны залгуурыг зориулалтын тагаар таглах эсвэл хэрэглээгүй үедээ салгаж байх, цахилгааны утсыг сайтар далдлах, тавилгын араар эсвэл доогуур оруулах, хутга, хайч зэрэг хурц иртэй багаж, гэмтсэн цахилгааны утас, хүнд сав суулга болон бусад хүүхдэд гэмтэл учруулж болохуйц зүйлсийг хүүхэд хүрч, авч чадахааргүй газар хадгалах,
-Угаалга цэвэрлэгээний бодисууд, эрвээхэй болон шавж, мэрэгчийн хор, эм, витаминууд, жирэмсэн үедээ ууж байсан бэлдмэл зэргийг хүүхэд хүрэхээргүй газар хадгалахаас гадна онцын шаардлагагүй зүйлсийг гэртээ хадгалахгүй байхыг зөвлөж байна.
- Бага насны хүүхдээ хоолны хордлогоос сэргийлж задлаад удсан болон муудсан байж болзошгүй хүнсний бүтээгдэхүүн хадгалахгүй байх, уксус цуу зэргийг хүүхэд хүрэхээргүй газар хадгалах, холбогдох байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагаж мөрдөхийг анхааруулж байна.