Өвөрхангай аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ойг угтан зохион байгуулж буй "Миний Өвөрхангай" аяны хүрээнд Ерөнхий боловсролын "Тэмүүлэл-Эрдэм" сургуулиас Өвөрхангай аймгаас төрөн гарсан алдартнуудыг цувралаар танилцуулж байна.
#Түүхэн_болон_төр_нийгмийн_зүтгэлтэн_2
XX зууны Монгол төрийн нэрт зүтгэлтэн: Пэлжидийн Гэндэн
Сонсдог ном:
https://mongoltoli.mn/.../history_1482647960peljidiin...
Төрсөн он, сар, өдөр: 1895 оны 7 дугаар сар.
Нас барсан он, сар, өдөр: 1937 оны 11 дүгээр сарын 26.
Овог, аймаг: Сайн ноён хан аймгийн Агь үйзэн вангийн хошуу буюу одоогийн Өвөрхангай аймаг
Төрсөн газар: Одоогийн Өвөрхангай аймгийн Тарагт сумын нутаг “Алтан тал” гэдэг газар
Албан тушаал: БНМАУ-ын Бага хурлын анхны дарга, Ардын СнЗ-ийн Ерөнхий сайд
П.Гэндэн 1922 оны 7 дугаар сараас 1924 оны 3 дугаар сар хүртэл хошууны ХЗЭ-ийн үүрийн тэргүүлэгч, 1932 оны 3 дугаар сараас 11 дүгээр сарыг дуустал Арвайхээрийн хошууны МАН-ын 98-р үүрийн тэргүүн дарга, 1924 оны 11 дүгээр сарын 27-ноос 1927 оны 9 дүгээр сар хүртэл БНМАУ-ын Бага хурлын дарга, 1927 оны 4 дүгээр сарын 10-наас 1928 оны 12 дугаар сарын 10 хүртэл Улсын Банкны ерөнхий хорооны дарга, 1928 оны 12 дугаар сарын 10-наас, 1932 оны 6 дугаар сарын 30 хүртэл МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга, 1932 оны 6 дугаар сарын 30-наас 1936 оны 3 дугаар сарын 20 хүртэл БНМАУ-ын Ардын Сайд нарын Зөвлөлийн Ерөнхий сайдаар ажиллажээ. Эл хугацаанд БНМАУ-ын ГЯЯ-ны сайд, Монголын үйлдвэрчний эвлэлийн төв хорооны даргын үүргийг хавсран гүйцэтгэж байв. П.Гэндэн нам, төрийн удирдах албанд ажиллахдаа Коминтерн, БХК(б)Н-ын удирдлагаас ирүүлсэн удирдамж заавар зөвлөгөөг үйл ажиллагаандаа удирдлага болгон ажиллаж байсан боловч шинэ эргэлтийн бодлогын удирдамжийг Монголын нийгмийн амьдралд хэрэгжүүлж, зүүний нугалаа завхралын хор уршгийг арилгах ажлыг удирдан зохион байгуулахдаа өөрийн гэсэн бодлого, байр суурийг баримтлах болсон юм. Үүний улмаас умард хөршийн удирдлагаас өгсөн заавар зөвлөгөөнийг хэрэгжүүлэхдээ Монголд ашигтай байдлаар хувиргах, сөрөх хандлагыг буй болгосон нь түүнийг албан тушаалаас нь холдуулах, улс төрийн хувьд буруутган хэлмэгдүүлэхийн гол үндсэн шалтгаан болжээ. П.Гэндэнгийн гүйцэтгэсэн үйл ажиллагаа нь улс орондоо учирсан эдийн засгийн хямралыг даван туулахад чиглэгдсэн бөгөөд зах зээлийн өрсөлдөөний зарчмыг дэмжин ард олны аж амьдралыг дээшлүүлэх замаар улс орноо хөгжүүлж, улмаар тус улс дахь ЗХУ-ын хөрөнгийн оролцоотойгоор худалдаа, аж үйлдвэрийн байгууллагуудыг Монголын мэдэлд шилжүүлэн, ЗХУ-д төлөх өрийг хүчингүй болгуулж, хоёр орны эдийн засгийн харилцаанд эрх тэгш, харилцан ашигтай байх зарчмыг баримтлан монголын эдийн засгийг бэхжүүлж, үндэсний аюулгүй байдлыг хангуулахад оршиж байв.