Шинжлэх ухааны суурь мэдлэгийг бага ангиас нь олгож эхэлнэ

Дэлхий нийтэд математик болон шинжлэх ухааны мэдлэгээ ашиглан тулгамдсан асуудлыг бүтээлчээр шийдвэрлэх, багаар ажиллах, технологи хэрэглэх чадвартай буюу STEM боловсролтой ажиллах хүчний хэрэгцээ эрс өсч байна. Иймд өндөр хөгжилтэй орнууд STEM болосвролыг шинэ мянганы иргэдийн боловсрол хэмээн үзэж, СӨБ-оос эхлэн ЕБС-ийн бүх шатанд, цаашлаад дээд боловсрол, насан туршийн боловсролын хүрээнд STEM сургалтыг хэрэгжүүлж байна. STEM сургалт нь онол, практикийг уялдуулан, хичээлүүдийг хооронд нь уялдаа холбоотой заах, сурагчдын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж, багаар ажиллуулах, асуудлыг шийдвэрлэх чадварт сургах сурагч төвтэй сургалтын нэгдмэл арга зүйд үндэслэдэг.

Бага боловсролын 1-4 дүгээр ангид 2 багц хэрэглэгдэхүүн, 5 дугаар ангид 1 багц хэрэглэгдэхүүнийг сургуулиудад хуваарилан олгоод байна. Эдгээр сургалтын хэрэглэгдэхүүн нь хүүхдийн эрүүл мэндэд хор нөлөөгүй, урт удаан хугацаанд ашиглах боломжтой, олон эд ангиудаас бүтсэн, угсарч салгахад хялбар, үл хөдлөх болон хөдөлгөөнт зохиомж, машин, механизмуудын загваруудыг хүртэл бүтээж болдог зэрэг олон давуу талтай юм.

Уг боловсролын арга зүйн сургалтыг ерөнхий боловсролын сургуулиудын бага ангийн сургалтын менежер, багш нарт үндэсний сургагч багш нар зохион байгуулж, 2017-2018 оны хичээлийн жилд бүх сургуульд хэрэгжиж эхлээд байна.