Анги удирдсан багш нарын анхдугаар зөвлөгөөн боллоо.

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 06/05 дугаар тогтоолоор 2018 оныг “ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ, ХАМГААЛЛЫН ЖИЛ” болгон зарласан. Тус зорилтод жилийн нээлт 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр боллоо. Мөн өдөр ерөнхий боловсролын сургуулийн “АНГИ УДИРДСАН БАГШ НАРЫН АНХДУГААР ЗӨВЛӨГӨӨН”-ийг Арвайхээр суманд зохион байгууллаа. Тус зөвлөгөөнд 554 багш удирдах ажилтнууд хамрагдлаа.

Тус зөвлөгөөнд Өвөрхангай аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж, аймгийн Засаг дарга Г.Ганболд нар оролцож зорилтод жилийн хүрээнд баримталж буй бодлого, зорилтыг танилцуулж, мэндчилгээ дэвшүүлсэн бол Аймгийн Засаг даргын орлогч, зорилтот жилийн ажлын хорооны дарга О.Батжаргал зорилтод жилийн ажлын төлөвлөгөөг танилцууллаа. Мөн ахмад багш нарыг төлөөлж Д.Отгонбаяр, залуу багш нарыг төлөөлж Бат-Өлзий сумын ЕБС-ийн бага ангийн багш А.Амартүвшин нар зөвлөгөөнд оролцогчдод хандаж арга туршлагаа хуваалцлаа.

Энэ үеээр “Хүүхдийн хөгжил, хамгаалалд анги удирдсан багш нарын үүрэг оролцоо” сэдэвт илтгэлийг аймгийн БСУГ-ын дарга Ж.Пүрэвсүрэн, “Хүүхдийн хөгжилд хоол хүнсний нөлөөлөл-АУБ-ын манлайлал” сэдвээр ШУТИС Үйлдвэрлэл технологийн сургуулийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга доктор дэд профессор М.Пүрэвжав, “Эерэг хандлага, харах өнцгөө өөрчилье” сэдвээр гэр бүл судлаач, сэтгэл зүйч, доктор Г.Наранбаатар нар илтгэл, лекц уншлаа.

Зөвлөгөөний төгсгөлд (1)Хүүхэд бүрийн ялгаатай байд­лыг харгал­зан хүндэтгэж, хүүхдийн хүсэл сонирхол, мөрөөдлийг таньж мэдэх, хүүхэд бүрийн амьдралын зөв замыг олох хөтөч, чиглүүлэгч нь байна, (2)Олон талт оролцоо, хяналтыг сайжруулан, боловсролын үйлчилгээг хүр­тэх боломжийг хүүхэд бүрд адил, тэгш олгоно, (3)Мэргэжилдээ дур сонирхолтой, хичээл зүтгэлтэй байж, онолын мэдлэг сайтай, харилцааны чадвартай, бүх сурагчдаа адил тэгш хайрлаж, сэтгэл зүйч, судлаач байна гэсэн зорилтуудын хүрээнд зөвлөмж гарган хэрэгжүүлж ажиллахаар болсон бол жилийн ажлын хүрээнд анги удирдсан багш нарын дунд болзолт уралдаан зарлах, шилдэг анги удирдсан багш нарыг урамшуулах тогтолцоог бий болгох зэрэг арга хэмжээг хийж хэрэгжүүлэхээр боллоо.


“ХӨГЖИЛД ХӨТЛӨХҮЙ” АНГИ УДИРДСАН БАГШ НАРЫН ИЙН

АЙМГИЙН АНХДУГААР ЗӨВЛӨГӨӨНИЙ ЗӨВЛӨМЖ

Багш та сурган хүмүүжүүлэх нөр их хөдөлмөрөөрөө хүний нийгмийн туршлагыг өвлүүлэгч, нийгмийн хөгжлийг хурдасгагч, оюун билэгт хүргэх эрдмийн мөнхийн хөтөч, сурагч, судлаач билээ. Монгол хүн, Монгол гэр бүл бүрийн сайн сайхан, амар түвшин амьдрал, улс орны хөгжлийг эрүүл, чийрэг, эрдэм боловсролтой, өрсөлдөх чадвартай, бүтээлч монгол хүн, монгол иргэд манлайлан чиглүүлэх учиртай, ийм хүнийг бэлтгэх зорилгоор зөвлөлдөн, чуулсан бид. 

Хүүхдийн хөгжлийг чухалчлан, хүн төлөвшүүлэх нэгдсэн бодлогын дор анги удирдсан багш нар БИД дараах зөвлөмжийг хэрэгжүүлэхээр санал нэгдэж байна.

 

НЭГ. ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙН ХҮРЭЭНД

Хүүхэд бүрийн ялгаатай байд­лыг харгал­зан хүндэтгэж, хүүхдийн хүсэл сонирхол, мөрөөдлийг таньж мэдэх, хүүхэд бүрийн амьдралын зөв замыг олох хөтөч, чиглүүлэгч нь байна.

1.1. Багш бүр хүүхдийн зөв үйлдэл бүрийг дэмжих, урмын үгсийг харамгүй хэлдэг байх,

1.2. Хүүхдүүдийн авьяасыг нээн илрүүлэх, дугуйлан секцийн хүртээмжийг нэмэгдүүлэн чанаржуулж хүүхдүүдэд бодит дэмжлэг үзүүлэх,

1.3. Гэрийн даалгаврын хэлбэр, агуулгыг хүүхдийн хүсэл сонирхол, хэрэглээнд тулгуурласан байдлаар өөрчлөх,

1.4. Хүүхдүүдийн хүсэл сонирхол, эцэг, эхчүүдийн бодит дэмжлэгт тулгуурлан ангийн номын санг байгуулах,

1.5. Хүүхдээс гарсан санал, санаачилгад тулгуурлан бүх шатны төлөвлөлтийн  уялдааг ханган, хэрэгжилт үр дүнг тухай бүр нь тооцон ажиллах,

1.6. Ангийн сурагчдын хамтач байдал, багаар ажиллах чадварыг сайжруулах, сургуулийн урлаг, спорт заалыг тодорхой өдөр, цагт сурагчдадаа тогтмол ашиглуулж, урлаг, спортоор хичээллэх, сурагчдын чөлөөт цагийг тэдний хөгжил, төлөвшилд чиглүүлэн зөв боловсон өнгөрүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлж ажиллах,

1.7. Хүүхэд байгаль орчноо хайрлах, үндэсний өв уламжлал, соёл, ёс заншлаа мэдэх, хүндэтгэх, эх оронч хүмүүжил олгоход чиглэсэн экскурс хичээл зохион байгуулах,

1.8. Хүүхдүүдийн сэтгэл зүйн тулгамдсан асуудалд мэргэжлийн хүмүүстэй хамтран дэмжлэг үзүүлж ажиллах,

1.9. Хүүхдийн шүд, охид, хөвгүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаарх сургалт, сурталчилгаа, нөлөөллийн ажлыг мэргэжлийн байгууллагууд, бусад багш нартай хамтран өргөн хүрээнд, давтамжттай зохион байгуулах,

1.10. Хүүхдийг цахим халдлага, эрсдэлээс хамгаалах, цахим орчны зөв зохистой хэрэглээнд сургах чиглэлээр нөлөөллийн ажлыг мэргэжлийн байгууллагууд, бусад багш нар, эцэг эхчүүдтэй хамтран өргөн хүрээнд зохион байгуулах,

1.11. Хүүхдүүдтэйгээ хамтран сум, сургуулийн хэмжээнд хүүхдэд учирч болох аливаа эрсдэлийг судлан тогтоож, холбогдох газарт уламжлах, шийдвэрлэлтэд хамтын хяналт тавьж ажиллах,

 

ХОЁР. ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД

 

Олон талт оролцоо, хяналтыг сайжруулан, боловсролын үйлчилгээг хүр­тэх боломжийг хүүхэд бүрд адил, тэгш олгоно.

2.1. Сургууль дээрх хүүхдийн өөрөө удирдлагын байгууллагуудад тулгуурлан сургуулийн орчин дахь үе тэнгийнхний дээрэлхэлтийг бууруулах, таслан зогсоох чиглэлээр аян, сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулж, үр дүнг хүүхэд, эцэг, эхчүүдийн оролцоотойгоор тооцон ажиллах,

2.2. Анги удирдсан багш нар хүүхдүүдийн эцэг, эхчүүдтэй байнгын хамтран ажиллах, эцэг, эхийн уулзалт, эцэг эхийн хурлыг чанаржуулах, хэлбэр, агуулгыг сайжруулж ажиллах,

2.3. Ангийн сурагчдын судалгаа, сонирхол зэрэгт тулгуурлан хичээл сургалтын үйл ажиллагааг зохион байгуулахад анги удирдсан багш бусад мэргэжлийн багш нартай хамтарч ажиллах,

2.4. Анги, нийтийн дунд зохион байгуулж байгаа үйл ажиллагаанд эцэг, эхчүүдийн оролцоог ханган ажиллаж, өөрт ногдох ачааллыг хуваалцах, тэдний идэвхийг өрнүүлэх,

2.5. Хүүхэд, хичээл сургалтын үйл ажиллагаанд эцэг, эхчүүдийн хяналт тавих боломжийг бүрдүүлэн хамтарч ажиллах,

2.6. Эцэг эхчүүдийн санал санаачилгаар сайн дурын бүлгэм, клуб, зөвлөлүүдийг байгуулж, эрүүл бие бялдартай, сурах хүсэл эрмэлзэлтэй, зөв зан үйлийн эзэн хүүхдийг төлөвшүүлэх үйл ажиллагаанд чиглүүлэн хамтран ажиллах,

2.7. Сургууль, ангийн хүрээний аливаа мэдээллийг нээлттэй, ил тод, эргэх холбоотой болгох чиглэлээрх үйл ажиллагааг шинэ шатанд гаргах, эцэг эх бусад талуудын сургуулийн үйл ажиллагаанд тавих хяналтыг эрс сайжруулах,

2.8. Үдийн цайны аюулгүй байдал, чанарт тавих эцэг, эхчүүдийн хяналтыг нэмэгдүүлэх,

2.9. Хүүхдүүдэд хоол, шим тэжээлийн боловсрол олгох, эрүүл бус хүнсний бүтээгдэхүүний талаарх ойлголт, мэдээлэл өгөх, сургалт, сурталчилгааны ажлыг гэр бүлийн гишүүдтэй хамтран зохион байгуулах,

 

ГУРАВ. БАГШИЙН ХӨГЖЛИЙН ХҮРЭЭНД

Мэргэжилдээ дур сонирхолтой, хичээл зүтгэлтэй байж, онолын мэдлэг сайтай, харилцааны чадвартай, бүх сурагчдаа адил тэгш хайрлаж, сэтгэл зүйч, судлаач байна.

3.1. Анги удирдсан багш өөрийгөө хөгжүүлж, хүүхэдтэй ажиллах арга барил, судалгааны арга зүйд тасралтгүй суралцах,

3.2. Хүүхэд бүрийн ялгаатай байд­лыг харгал­зан үзэх, хүүхдийн хүсэл сонирхолыг таньж мэдэх арга зүйд суралцах, хичээл сургалтын үйл ажиллагаандаа авч үзэх,

3.3. Судалгаа хийх, хийсэн судалгааны үр дүнг нэгтгэх, дүгнэх ажлыг мэдээллийн технологи, дэвшилтэд технологид тулгуурлан хялбар байдлаар хийх арга зүй, чадварт суралцах,

3.4. Өдөр тутмын үйл ажиллагаагаа хүүхдээ таньж мэдэх, тэдэнд дэмжлэг үзүүлэхэд чиглүүлэх, /хүүхдээ таних, хүүхдээ ажиглах, тэмдэглэл хөтлөх/,

3.5. Анги хамт олон дотор нөхөрсөг уур амьсгал бий болгож буй анги удирдсан багшийн туршлагыг судлах, хэрэгжүүлэх

3.6. Эцэг эхийг анги, сургуулийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцуулж буй бүтээлч багш нарын туршлагыг судлах, хэрэгжүүлэх

 

“ХӨГЖИЛД ХӨТЛӨХҮЙ” АНГИ УДИРДСАН БАГШИЙН

АЙМГИЙН АНХДУГААР ЗӨВЛӨГӨӨНД ОРОЛЦОГЧИД

2018 оны 01 дүгээр сарын 19