“Тогтвортой хөгжил – Ерөнхий боловсрол” улсын хоёрдугаар зөвлөгөөн боллоо.

“Тогтвортой хөгжил – Ерөнхий боловсрол” сэдэвт улсын хоёрдугаар зөвлөгөөн Өвөрхангай 2018 оны 01 дүгээр сарын 29-30-ний өдрүүдэд болж өндөрлөлөө. Тус зөвлөгөөнд Архангай, Баянхонгор, Өмнөговь, Дундговь, Өвөрхангайн багш, ажилчид тус тус оролцлоо.  Зөвлөгөөний хүрээнд “Ерөнхий боловсролын эрх зүйн шинэчлэл”, “Багшийн хөгжил, цалин хөлсний шинэчлэл”, “Сургалтын чанар, үнэлгээний шинэчлэл”, “Хүүхдийн хөгжил, хамгаалал, хүмүүжил, төлөвшлийн бодлогын чиглэл” гэсэн дөрвөн салбар хуралдаан зохион байгуулагдлаа.

Багшийн хөгжил, цалин хөлсний шинэчлэл” салбар хуралдаанаар “Багшийн ажлыг үнэлж, дүгнэх журам”-ыг, багшийн ажлыг гүйцэтгэлийн үр дүнд суурилан, суралцагчийн сурлагын ахиц, амжилтаар үнэлж дүгнэх, багшийн хөгжлийг дэмжих  зорилгоор шинэчлэн боловсруулж, хэлэлцүүлсэн юм. Багшийн хөдөлмөрийг үнэн, зөв бодитой үнэлэх, тэдний авч буй цалин хөлс нь амьдрал, ахуйн зайлшгүй хэрэгцээг хангадаг байх, хийж гүйцэтгэж буй үндсэн ажилтай нь уялдсан байхаар үнэлгээний тогтолцоог бүрдүүлэхэд энэ нь ихээхэн чухал үүрэгтэйг багш нар онцолж байна.

Зөвлөгөөнд “Ерөнхий боловсролын эрх зүйн шинэчлэл” сэдвээр БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Д.Эрдэнэчимэг, “Хүүхдийн хөгжил, хамгаалал, хүмүүжил, төлөвшлийн бодлогын чиглэл” сэдвээр БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын ахлах мэргэжилтэн Ж.Мягмар, “Суралцагчийн үнэлгээний журмын шинэчлэл, чанарын хяналт, үнэлгээний тогтолцоо” сэдвээр Боловсролын үнэлгээний төвийн Үнэлгээ хөгжүүлэлтийн хэлтсийн дарга М.Гантуяа, “Багшийн цалин хөлсний шинэчлэл” сэдвээр БСШУСЯ-ны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын мэргэжилтэн А.Мөнх-Оргил нар илтгэл хэлэлцүүлсэн байна.