"ИРГЭН" төслийн аймгийн шалгаруулалтыг зохион байгууллаа

Сурагчдад хүрээлэн буй орчин дахь аливаа асуудлаа олж харж, шийдвэрлэх мэдлэг, чадвар, итгэлтэй болгох зорилготой "Иргэн" төсөл 2017 оны 10 дугаар сараас эхлэн 19 сургуульд амжилттай хэрэгжиж, аймгийн шалгаруулалтыг зохион байгууллаа. Сурагчид үе тэнгийнхнийхээ саналыг үндэслэн тулгамдаж буй асуудлаа тодорхойлон тэргүүлэх чиглэлээ сонгож, сумынхаа төрийн болон нутгийн удирдлагын байгууллага, сургуулийн захиргаа, эцэг эхчүүд, иргэд олон нийтэд хандан нөлөөллийн үйл ажиллагаа зохион байгуулж, үр дүнд хүрч ажиллаж байгаагаа тайлганалаа. Тухайлбал лаборатори Мэргэд сургуулийн сурагчид хүүхэд залуучуудад чөлөөт цагаа өнгөрүүлэх газар, номын сангийн асуудлыг, Баруунбаян-Улаан сумын ЕБС-ийн сурагчдад шингэн зүйл дутагдаж байгаа асуудлыг, Арвайхээр сумын ЕБ-ын 2-р сургуулийн сурагчид өсвөр насны сурагчдад нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол дутагдалтай байгааг, Тарагт, Сант, Арвайхээр сумын ЕБ-ын 4-р сургуулийн сурагчид сурагчдын ширээ сандал, анги танхимын тохижилтыг сайжруулах, Хайрхандулаан сумын ЕБС-ийн сурагчид сургуулийн спорт зааланд хувцас солих өрөө шаардлагатай байгааг, Хужирт сумын ЕБС-ийн сурагчид мэргэжлийн багш байхгүйгээс шалтгаалан сурагчид урлагын чиглэлээр хөгжиж чадахгүй байгаагаа, Бат-Өлзий сумын ЕБС-ийн сурагчид сургуулийн орчинд эрүүл ахуйн шаардлага хангахгүй бараа бүтээгдэхүүн зарж байгааг таслан зогсоох зэрэг асуудлыг сонгон авч 6 сарын туршид хэрэгжүүлсэн үйл ажиллагаа танилцууллаа. Тус танилцуулгаас лаборатори Мэргэд сургуулийн 9б ангийн сурагчид, Бат-Өлзий сумын 10-р ангийн сурагчид шалгаран улсын шалгаруулалтанд оролцох болзол хангалаа.